Та яагаад нэгээс илүү орлогын эх үүсвэртэй байх ёстой вэ? - Өөдөө ТЭМҮҮЛ

Wellness - Эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшил болгоцгооё

test banner

Breaking

Home Top Ad

Responsive Ads Here

Post Top Ad

Responsive Ads Here

Thursday, May 2, 2019

Та яагаад нэгээс илүү орлогын эх үүсвэртэй байх ёстой вэ?


Өнөө цагт Яаж нэмэлт орлоготой болж, яаж сэтгэл хангалуун гачигдах зүйлгүйгээр амьдралаа авч явах вэ? гэсэн бодол хүн бүрт тулгарч байгаа. Тэгвэл блогийн уншигч нартаа маш их хэрэгтэй байх болов уу гэсэн үүднээс mysales4you.com блогийн нийтлэгч Мандалмаагийн нийтэлсэн "Та яагаад нэгээс илүү орлогын эх үүсвэртэй байх ёстой вэ?" нэртэй нийтлэлийг хүргэж байна. Та бүхэн эхнээс нь дуустал нь уншаарай

Оршил
          Орлогын ганц эх үүсвэртэй байгаад түүнийгээ алдлаа гээд төсөөлөөд үз дээ! Баталгаатай ажлын байр гэдэг ойлголтыг хийсвэр гэдгийг нь хүлээн зөвшөөрнө гэхээр л аймшигтай санагдаж байна уу? Ийм тохиолдолд та орлогын өөр эх үүсвэртэй байснаараа л өөрийгөө хамгаалан гарч чадна.

Жишээ нь манай гэр бүл өнгөрсөн жил нөхцөл байдлын улмаас болон өөрсдийн гаргасан шийдвэрийн улмаас хоёр ч  орлогын эх үүсвэрээ алдсан. Харин манайд их, бага хэрмжээний 3 өөр орлогын эх үүсвэр байсан тулдаа өдөр тутмынхаа хэрэгцээг хэвийн хадгалан гарч чадсан юм. Нэгээс илүү орлогын эх үүсвэртэй байхын ач тус нь ийм л байгаа!

Тэгвэл тэр нэмэлт орлогыг ямар сувгаар олж болох вэ? Та давхар ажил хийж болох юм. Энэ нь муугүй санаа ч гэсэн хэрэв та бэртэж гэмтэх эсвэл өвдлөө гэхэд яах вэ? Та тэр 2 орлогын эх үүсвэрийг хоюуланг нь алдана. Үгүйдээ л гэхэд та нэг өдөрт үнэхээр хичнээн цаг ажиллаж чадах билээ?

Тиймээс илүү үр дүнтэй стратеги боловсруулах хэрэгтэй! Ингэхдээ аль болох олон янзын талбараас нэмэгдэл орлогын эх үүсвэрээ олохыг хичээх хэрэгтэй. Энэ тохиолдолд таны амьдралд эсвэл нийгэм, эдийн засагт учирч болох нэг зүйлээс болж орлогын бүх эх үүсвэрээ алдах магадлал тань буурна.

Дараах арга замуудаас өөрт хэрэгжүүлж болох нэмэлт орлогын эх үүсвэрийн төрлийг тодорхойлоорой…



Таван төрлийн орлого

Орлогын эх үүсвэрийг ангилах маш олон хэлбэрүүд байгаа ч бүгдээрээ эдгээр таван ерөнхий ангилалд анхаарлаа хандуулъя:


  1. Уламжлалт цалин
  2. Чөлөөт хэлбэрээр буюу гэрээт бус ажлуудаас олох орлого
  3. Бизнесийн үйл ажиллагаанаас олох орлого
  4. Хөрөнгө оруулалтаас олох орлого
  5. Төсөл хэрэгжүүлэх

Одоо тэгвэл эдгээрийгээ илүү дэлгэрэнгүй бас жишээтэй тайлбарлая…

НЭГ. Уламжлалт цалин

Ажилтай байсанаар та орлогын томоохон эх үүсвэртэй байхаас гадна сар бүрийнхээ төлбөр тооцоонд санаа зоволтгүй болно. Заримдаа ажлаараа дамжуулаад нэмэлт орлого олох боломжуудийг нээж илрүүлэх тохиолдол бас бий.

Жишээ нь нөхөр маань багшилдаг байсан сургуулийн олон улсын хөтөлбөрөөр дамжуулаад Англи-Монгол хэлний орчуулга хийх боломж гарч байсан юм. Хожим нь тэр богино хугацааны орчуулгын ажил маань бүтэн цагийн цалингаар гэрээсээ ажиллах боломжтой ажлын боломж уруу хөтөлсөн.

Зарим тохиолдолд хоёр дахь ажил хайх шаардлагатай болж болох юм. Ялангуяа одоогийн ажил чинь нэмэлт бонус байхгүй, амралтын эсвэл аяллын чек хэлбэрээр ч юм уу ямар нэгэн нэмэлт авах боломж байхгүй бол  хагас цагийн хоёр ажил хийсэн нь ч дээр байж болно. Магадгүй нэг ажлаас нь халагдлаа гэхэд нөгөө ажил дээрээ бүтэн цагийн ажилтан болоод үлдэх боломжтой.

Харин ингэж хоёр дахь ажил хайхдаа өөр талбараас хайхыг хичээгээрэй. Эсвэл бүр энгийн шалгуураар ч  хоёр дахь ажлыг хайж болно. Жишээ нь одоогийн ажил тань хөл дээрээ зогсож ихэнхи цагийг өнгөрүүлдэг бол хоёр дахь ажлыг оффист, суугаа байдлаар гүйцэтгэх ажлуудаас хайгаарай.

Ингэхдээ урт хугацааны зорилготойгоор хоёр дахь ажлыг хайх нь хамгийн зөв стратеги болно! Жишээ нь та хоёр дахь ажил болгож хожим нь таныг өөрийн бизнесийг эхлүүлэхэд тус болохоор мэдлэг хуримтлуулах, networking хийх боломжтой болон хөрөнгө оруулалтанд хөтлөх боломжтой ажлыг хайх хэрэгтэй.

ХОЁР. Чөлөөт хэлбэрээр буюу гэрээт бус ажлуудаас олох орлого

Энэ ангилалд багтах ажлуудыг хийснээрээ та аль нэг байгууллагад харъяалагдахгүй, тогтмол орлого олохгүй ч танд илүү уян хатан бөгөөд эрх чөлөөт боломжууд бий болно.

Нилээд хэдэн жилийн өмнө би онлайн судалгааны группын гишүүн болсон юм. Ингэснээр надад богино хэмжээний видео сурталчилгаанууд үзээд саналаа бичиж явуулаад цалин авах боломж нээгдсэн. Нэг өдөрт 10 видео үзсэн ч болно эсвэл 100 видео үзсэн ч болно. Мөн өдрийн аль ч цагт, ямар ч электрон хэрэгсэл ашиглан үзэх боломжтой байсан. Тиймээс ихэвчлэн хүүхдээ сургуулиас тараад гарч ирэхийг нь хүлээж байхдаа амжуулчихдаг ажил байсан юм.

Маш олон янзын ажлуудыг энд жагсааж болно. Жишээ нь:


  • Хүүхэд харах
  • Айлын байр сахиж үлдэх
  • Орчуулга хийх
  • Давтлага өгөх
  • Гэр цэвэрлэх
  • Таксинд явах
  • Хүргэлтийн үйлчилгээ хийх гэх мэт

Та өөрөө цаг гаргаад ажил хайж болох ч өөрийн ур чадвар болон сонирхож байгаа ажилдаа тусгайлан зориулсан CV  бэлтгээд хөдөлмөрийн биржүүдэд бүртгүүлж, эсвэл хөдөлмөр зуучлалын компаниуд болон сайтуудад байршуулсан ч болно.

Улам лавшруулан судалсны үндсэн дээр шийдвэрлэхийг хүсч байгаа бол та хувиараа хөдөлмөр эрхлэгч байснаараа таны татварын нөхцөл хэрхэн өөрчлөгдөхийг нягталж үзэх хэрэгтэй болов уу!

Гэхдээ та цаг заваа зарцуулан, биечлэн гүйцэтгэхгүй л бол энэ эх үүсвэрээс орж ирэх орлого тань зогсоно. Иймд дараагийн орлогын эх үүсвэрийн ангилал танд илүү тааламжтай санагдаж магадгүй.

ГУРАВ. Бизнесийн орлого

Таныг ажилласан ч ажиллаагүй ч үргэлжлүүлэн орж ирсээр байх орлогын эх үүсвэртэй байна гэдэг бол ёстой л мөрөөдөл биелэх нь тэр гэдэгтэй зүйрлэж болохоор юм. Бизнесийн орлого бол ийм л орлого! Гэхдээ ‘Жинхэнэ бизнесс’ гээд тодотгочих нь зөв байх. Эхлүүлээд хөлөө олж, цэгцэртэл нь та олон хүн цагийг зарцуулах ч ‘Жинхэнэ бизнес’ болох тэр цагт та өдөр тутмын оролцоогоо багасгаж болно. Тэглээ ч гэсэн таны бизнесийн орлого үргэлжлүүлэн орж ирсээр л байх болно.

Жишээ нь онлайнаар үзүүлдэг үйлчилгээнүүдийн маань нэг надад бага хэмжээний орлогыг тогтмол оруулдаг. Гэхдээ ‘Жинхэн бизнес’ болгож хараахан чадаагүй нь миний бизнесийн арга барилтай холбоотой. Ямартай ч миний биечилсэн оролцоогүйгээр багахан хэмжээний орлого олж байгаа энэ эх үүсвэр бол хэзээд ч хүн цагийг нэмсэнээр орлогын хэмжээг нь нэмэгдүүлэх боломжтой эх үүсвэр.

Гэхдээ та хувиараа бизнесс эрхлэгч байхад шаардлагатай цаг хугацаа болон эрч хүчийг зарцуулахад бэлэн байх хэрэгтэй. Ингэхдээ тухайн бизнесийн тань хэвийн үйл ажиллагаа нь зөвхөн танаас хамааралтай бус байх хэрэгтэй. Ингэж байж л та эрх чөлөөг нь мэдрэх боломжтой болно. Жишээ нь та бол үсчин хүн. Танай салоны үйлчлүүлэгчид  зөвхөн танаар л үйлчлүүлдэг байх юм бол та хэзээ ч сэтгэл ханамжтай, эрх чөлөөт байдалд хүрэхгүй.

Нөгөө талаас та өөрийн бизнесийг эхлүүлэхийн тулд баян байх албагүй. Эсвэл заавал олонд танигдсан сүлжээ бизнесийн салбар нь болох ч хэрэггүй. Жишээ нь гэрийн цэвэрлэгээний үйлчилгээ үзүүлдэг компанид эхэн үед нь бүхий л ажлаа та ганцаараа хийдэг байж болно. Үйлчлүүлэгчээ өөрөө ол, утасаар цагаа тохирохдоо ч та л залга, цэвэрлэгээний материалаа ч та цуглуул…, цэвэрлэгээгээ ч та өөрөө л  хий. Ийм төрлийн үйлчилгээний бизнес өсөх орон зай үргэлжид бэлэн байдаг ба тэр үедээ та туслах авч эхэл. Дахиад нэг туслахтай бол…, дараа нь зохион байгуулалт болон харилцааны бүхий л асуудлыг хариуцах менежертэй болсоноор танд илүү эрх чөлөөт байдал үүсэх ба таны орлогын эх үүсвэр үргэлжилсээр байх болно.

Эсвэл онлайн бизнес эрхэлж ч болох юм. Нэг найз маань гэрээрээ гал тогооны ком худалддаг байсан юм. Яваандаа гэрээр нь дүүрэн хөглөрсөн бүтээгдэхүүн байлгахаасаа залхаад агуулахын үйлчилгээг хүргэлттэй нь хийдэг компанитай хамтарсан. Та заавал өөрөө бүх ажлыг нь гүйцэтгэх гээд micro-management хийгээд байх шаардлагагүй! MMarket гэх мэт шинэ онлайн дэлгүүрүүд хувь хүмүүст merchant болж өөрийн дэлгүүрийг MMarket-ийн онлайн дэлгүүрийн нэг хэсэг болгох боломжийг олгодог болсон. Заавал өөрийн вэбсайттай байх ёстой, хөгжүүлэгч нарт хэдэн зуун мянгаар нь төлөх шаардлагатай гэсэн хуучинсаг ойлголт байхгүй.

Мэдээж амар хялбархаан хөлөө олоод, танд орлого оруулаад эхэлдэг бизнесс гэж байхгүй ч бизнесийн ямар ч хэлбэрийг үл ойшоож болохгүй. Харин өөрийн бизнесээ ‘Жинхэнэ бизнес’ болтол нь, бүтэн сар хүртэл хугацаанд ч гар бие оролцохгүй байхад тогтмол орлого олсон хэвээр байж чаддаг болтол нь та хэзээ ч, хэний ч төлөө ажиллаж байгаагүйгээрээ ажиллах хэрэгтэй болно. Гэхдээ өөрийн гэсэн бизнесийг бий болгохоос илүүтэйгээр таныг баялгийн замд хөтлөх магадлал өндөртэй өөр ямар ч орлогын эх үүсвэр гэж үгүй!

ДӨРӨВ. Хөрөнгө оруулалтаас олох орлого

Өмнөх гурван төрлийн орлогын эх үүсвэртэй харьцуулахад хөрөнгө оруулалт нь танаас маш бага ачааллыг шаардана. Гэхдээ үргэлж тийм биш! Яг л бизнесийн нэгэн адил эхэн үед нь та олон цагийг өөрийн судалгаа болон мэдээлэл, мэдлэгээ бататгахад зарцуулна. Харин таны хөрөнгө оруулалтын зорилго нь таныг унтаж байхад ч орлого оруулсаар байх, олон сар өнгөрсөн ч тогтвортой орлогын түвшинг авч ирдэг байх юм.

Хөрөнгө оруулалтын зарим жишээнээс дурдвал:


  • Ногдол ашиг төлдөг хувьцаа
  • Гэр бүл болон найз нөхөддөө өгсөн зээл
  • Хүү өндөртэй хадгаламжийн болон харилцах данстай байх
  • Бонд болон бусад төрлийн хөрөнгө оруулалт
  • Газрын түрээс гэх мэт олон арга замаар та хөрөнгө оруулалт хийж болно.

Мэдээж танд их хэмжээний эхлэлийн капитал байхгүй байгаа тохиолдолд өндөр хүүтэй эсвэл ногдол ашигтай боломжуудийг олсон ч гэсэн танд орох орлогын хэмжээ нь хэрэгцээгээ хангаад явахуйц өндөр байж чадахгүй. Хэрэв энэ нь таны хоёр дахь эсвэл гурав дахь орлогын эх үүсвэр бол сар сард нь та тодорхой хэмжээний капиталыг нэмээд байж болно. Голомт банкнаас хэрэгжүүлж байгаа ‘Үндэсний хуримтлал’ хөтөлбөр эсвэл  Aurum академийн хөрөнгө оруулалтын талаарх мэдээллүүдийг заавал судалж үзээрэй!

Миний хамгийн дуртай хөрөнгө оруулалтын нэг хэлбэр бол үл хөдлөх хөрөнгө. Гэхдээ хэрхэн яаж зохицуулалт хийхээс шалтгаалаад өөр үр дүнтэй байх нь мэдээж.

ТАВ. Төсөл хэрэгжүүлэх

Энд богино хугацааны, тодорхой зорилго болон дуусах хугацаатай, хувь хүний эсвэл өрхийн хэмжээний төсөл яригдаж байгаа юм. Мөн дээрхи дөрвөн төрлийн алинд нь ч багтаах аргагүй арга хэлбэрүүдийг багтааж болно. ‘Мөнгө олох аргууд’  гэсэн ч болно.

Жишээ нь Amazon онлайн дэлгүүр сар болгон 10 ширхэг автомат сойз худалдан авахаар бүртгүүлсэн тохиолдолд $10 credit өгөөд дээрээс нь сойзных нь ширхэгийн үнэ нь 40% хямдарч байсан. Энэ промоушн нь эхлэх болон дуусах хугацаатай байсан бөгөөд бүртгүүлэхэд үнэгүй байсан юм. Би өөрийнхөө дансыг бүртгүүлж $10 аваад хямдарсан сойзноос нь 40 ширхэгийг аваад сойз худалдаалдаг таньдаг хүнтэйгээ хувь тохироод зах зээлийн үнээр нь худалдаалсан.  Сойзоо каргогоор авсаныхаа дараа нь би энэ бүртгэлээ үнэгүй цуцлуулаад сар болгон сойз авахгүй болсон.

Бас Facebook дээр бартер хийх эсвэл second hand  зүйлсээ худалдах группууд зөндөө байдаг. Хэрэглэдэггүй зүйлсээ эсвэл цуглуулгын нэг хэсэг болох эд зүйлсийг үнэ хүргэж худалдаж ч болно.

Тоглолт болгоны дараа усны сав болон лааз цуглуулаад жилийн эцэст эхнэртэйгээ хамт  Шанхай аялсан томоохон театрт ажилладаг найзын жишээ ч бас байна.

Би таныг лааз түү гэж хэлэх гэсэн юм биш. Харин таны аль хэдийнээ хийж байгаа ажлын хуваарь, өөрийн тань сонирхол болон хоббигоо ашиглаад хэрэгжүүлж болох ‘Мөнгө олох арга’  юу байна вэ гэдгийг анзаарч хараарай гэсэн санаа юм.

Ийм төрлийн арга замаар нэмэлт орлого олж байсан хоёр төрлийн жишээ л надад байдаг юм байна. Нэг нь гэртээ байгаа эд зүйлсээ Минималист зарчмын дагуу/бүрэн гүйцэд мөрдөж чадаагүй!/ цэгцлэнгээ өөрт хэрэггүй болсон эд зүйлсээ онлайн худалдаа хийсэн. Нөгөө нь амьдарч байсан байраа засаж сэргээгээд зах зээлийн үнэлгээг нь нэмэгдүүлэн худалдсан. Ер нь байрны зээлийг 100% өр гэж харах нь бас учир дутагдалтай! Харин анхнаас нь үл хөдлөх хөрөнгө гэдгийг нь санаж, хөрөнгө оруулалт болгох хэрэгтэй.

Эдгээр жижиг төслүүдийг ‘Мөнгө олох арга’  болгон хэрэгжүүлэхээс гадна бас зарим нэгэн хүний зан чанартай нь уялдаад хобби болж хувирах тохиолдол ч бий. Эдгээр болон бусад олон төрлийн төслүүдийг хэрэгжүүлж, туршиж үзэхийн давуу тал нь нэг арга барилыг тогтоогоод зах зээлээ мэдэрч чадсан үед та дахин давтан хэрэгжүүлээд байх боломжтой юм.

Та хичнээн төрлийн орлогын эх үүсвэртэй байна вэ?

Баяр хүргэе! Та энэ хүртэл бүгдийг нь уншлаа. Харин одоо таныг өөрийн орлогын эх үүсвэрүүдийг нийт дүнтэй нь жагсааж бичээрэй гэж уриалмаар байна. Хэрэв таны жагсаалтанд дээр дурдсан эх үүсвэрүүдийн 2-3 нь багтаж байгаа бол, тэдний аль нь ч нийт орлогын тань 75% -аас илүүг бүрдүүлээгүй байгаа бол та санхүүгийн хувьд баталгаатай хүн гэж тооцогдоно.


Хэрэв та 3-аас илүү, ялангуяа энд дурдаагүй орлогын эх үүсвэрүүдийг жагсаасан бол коммент хэсэгт бусадтайгаа хуваалцаарай!

Эх сурвалж: Posted by Mandalmaa

No comments:

Post Bottom Ad

Responsive Ads Here